МАХИДОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ШИМ ТЭЖЭЭЛИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧЛОВ
Элчин сайд В.Оюу 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Махидолын их сургуулийн Шим тэжээлийн хүрээлэнд зочилж, хүнс тэжээлийн хувьд болон эрүүл мэндэд тустай монголын онцгой шинж чанартай хүнсний орц, бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах, мөн хамтарсан судалгаа, академик солилцоог хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Шим тэжээлийн хүрээлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шугамаар ингэний сүүний шимт чанар, ашиг тусыг тогтоох судалгаа хийж байгаа бөгөөд хоёр тал энэ судалгааг онцгой шинж чанартай монголын бусад хүнсний бүтээгдэхүүнээр өргөжүүлэх, улмаар шаардлагатай хөгжүүлэлтийг хийх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Махидолын их сургуулийн Шим тэжээлийн хүрээлэн 1977 онд байгуулагдсан бөгөөд Тайландын Хаант Улсын хүнс, шим тэжээлийн судалгаа, хүнсний аюулгүй байдал, чанарын шинжилгээ, эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага юм. Тус хүрээлэн шинжлэх ухааны судалгаа, лабораторийн шинжилгээ, хүнсний бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт болон мэргэжилтэн бэлтгэх, сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
МОНГОЛ УЛСААС
ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ