ИРГЭДИЙН АНХААРАЛД
Үер болох төлөвтэй байгаа тул Бангкок хотын оршин суугчдыг Баасан гараг хүртэл гэрээсээ ажиллахыг зөвлөв.
Бангкок хотын Захирагчийн орлогч Тавида Камолвеж Мягмар гарагт мэдээлэл өгч, баруун өмнөд мужид орж байгаа борооны нөлөөгөөр Бангкок хотоор урсдаг Чао Прая мөрөнгийн түвшин Лхагва гарагаас эхлэн дээд хэсэгтээ хүрч, хальж магадгүй талаар анхааруулав. Тэрээр Бангкок хотын захиргаа ойрын хоёр хоногт нэмэлт арга хэмжээ авч Чао Прая мөрөнгийн түвшинг тогтоох оролдого хийж байгаа талаар ярив. Гэхдээ илүүдэл усыг Тайландын булан руу цаг тухайд нь цутган гаргаж чадахгүй бол мөрөнгийн ус хальж, эрэг орчмын газрыг үерт автуулах аюултай болжээ.
“Иймд бид төрийн байгууллага болон хувийн компанийг өөрсдийн албан хаагчдаа 10 дугаар сарын 05-07-ны өдөр гэрээсээ ажиллах, эсхүл энэ хугацаанд ажлаасаа эрт тараах арга хэмжээ авахыг зөвлөж байна" гэж Захирагчийн орлогч Тавида Камолвеж хэллээ. Энэхүү арга хэмжээг авснаар замын түгжрэлийг бууруулж, иргэд хүчтэй бороо, эсхүл үерийн үеэр гудамжинд гацахаас сэргийлнэ гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Бангкок хотын захиргаа үерийн далан шалгах багийг өдөр бүр үерт автаж болзошгүй бүсэд илгээж, усны түвшинг эгзэгтэй болох тохиолдолд цаг тухайд нь оршин суугчдад сэрэмжлүүлэх арга хэмжээ авч байна. Тайландын Цаг уурын байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх мэдээгээр Чао Прая мөрөнгийн урсгал Лхагва гарагаас эхлэн ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл (10 дугаар сарын 13-ны өдөр) ихсэж, усны түвшин далайн дундаж түвшнээс дээш 1.7-2 метрээр нэмэгдэх ажээ.