“ГАДААД ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН” АШИГЛАЛТАД ОРОВ
Гадаад харилцааны яамнаас Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци болон Гаалийн ерөнхий газартай хамтран “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” төслийг хэрэгжүүлж, 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ашиглалтад орууллаа. Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан нь импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэрт шаардагдах худалдаатай холбоотой бүх хууль тогтоомж, зохицуулалтын мэдээллийг агуулсан цахим хуудас юм. Мөн тус сан нь бизнес эрхлэгчид Монгол Улсад экспорт, импортын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх талын мэдээллийг түргэн шуурхай, нэг цэгээс авах боломж олгож байгаа юм.
Tус цахим хуудас холбогдох хууль тогтоомж, зохицуулалт, бусад эрх зүйн баримт бичгүүд, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх бараа болон лиценз, зөвшөөрөл авахад тавигдах шаардлагууд, хоригууд, хязгаарлалтууд, тарифын бус арга хэмжээ, техникийн стандартууд, барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн жагсаалт болон импортын барааны гаалийн тариф болон бусад албан татварын хувь, хэмжээ, лиценз/зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, бүрдүүлэлт хийхэд шаардагдах бүх төрлийн мэдээлэл, түүний дотор холбогдох маягтуудын хуулбар болон энгийн үг хэллэгээр бичсэн заавруудыг багтаасан байна.
Түүнчлэн “Гадаад худалдааны нэгдсэн сан”-тай болох нь гадаад худалдааны зардлыг бууруулах, гаалийн болон хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашилбал үндэсний хэмжээнд “Цахим нэг цонх”-ны үйлчилгээ нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой алхам юм.
Та бүхэн гадаад импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэр, төлбөр тооцоо зэрэг худалдаатай холбоотой бүх мэдээллийг www.mongoliatradeportal.gov.mn цахим хуудаснаас авна уу.