СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ТАЙЛАНДЫН СОЁЛЫН САЙД ИТТОПОЛ КҮНПЛӨМ-ТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Соёлын сайд Ч.Номин, Тайландын Хаант Улсын Соёлын сайд Иттипол Күнплөмтэй 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсын Соёлын яамны төлөөлөл, Тайландын Соёлын яамны төлөөллөөс гадна Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөр, Бээжин дэх Тайландын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Бенжамин Суканжанажтий нар оролцлоо. Соёлын сайд Ч.Номин Монгол, Тайландын соёл, урлагийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Иттипол Күнплөм сайд болон Тайландын Хаант Улсын Соёлын яамтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны соёлын сайд нар Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан Соёлын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, хэлэлцээрийн хүрээнд харилцан соёл, урлагийн арга хэмжээ, наадам зохион байгуулах, үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өв, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, мэргэжилтэн солилцох талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Түүнчлэн Тайландад Монгол судлалыг, Монгол Улсад Тай судлалыг хөгжүүлэх үндэс суурийг тавих, “Чингис хаан” музейн мэргэжилтнийг Тайландад сургалтад хамруулах, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, АСЕАН-ны хүрээнд зохион байгуулагддаг кино наадам болон бусад соёл, урлагийн арга хэмжээнд Монголын уран бүтээлчдийг оролцуулах, Тайландын Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг томоохон дуу хөгжмийн фестивальд оролцуулах, орчин үеийн болон уламжлалт урлагийн үзэсгэлэн зохион байгуулахаар тус тус тохиролцов.
Соёлын сайд Ч.Номин Тайландын Хаант Улсын Соёлын сайд Иттипол Күнплөмд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилга хүргүүлсэн байгааг дурдаж, Монгол Улсад тохиромжтой цагтаа айлчлахыг хүсэв. Тайландын Хаант Улсын Соёлын сайд Иттипол Күнплөм Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэм буурах үед Монгол Улсад айлчлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, товыг жич тохиролцохоо илэрхийлсний сацуу Соёлын сайд Ч.Номинг мөн Тайландын Хаант Улсад урив.