images

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, ХҮН АМЫН СТАТИСТИКИЙН АСУУДЛААРХ САЙД НАРЫН II БАГА ХУРЛЫГ 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДӨР БАНГКОК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2021-11-22

190

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн Иргэний бүртгэл, хүн амын статистикийн асуудлаарх Сайд нарын II бага хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Бангкок хотноо зохион байгуулав. 

Бага хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиах Алисжабана, Тайландын Дотоод хэргийн дэд сайд Надхапит Снидвонгс, Хүүхдийн эрхийн хорооны дарга Микико Отани, Майкл Блүүмберг нар тус тус үг хэлж оролцов.
Бага хурлаар Ази, Номхон далайн бүсэд иргэний бүртгэл, хүн амын статистикийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулахад гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлаас гадна эрүүл мэндийн салбар, тэр дундаа коронавирусын тахлын эсрэг тэмцэх үеийн иргэний бүртгэл, хүн амын статистикийн гүйцэтгэлийн талаар тус тус хэлэлцэв. Мөн иргэний бүртгэл болон хүн амын статистикт тулгуурлан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Олон улсын халдварт өвчний ангиллын стандартын дагуу иргэдийн өвчний онош, нас баралтыг оновчтой тогтоох асуудлыг хэлэлцэж сайд нарын тунхаглал гаргав.

НҮБ-ын АНДЭЗНК-ийн Иргэний бүртгэл, хүн амын статистикийн асуудлаарх Сайд нарын II бага хурлыг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд, Байнгийн төлөөлөгч А.Төмөр даргалж, бага хурлын төгсгөлийн баримт бичиг гаргав.