МЬЯНМАРЫН ХЯМРАЛ ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙГ ТОГТВОРГҮЙ БОЛГОЖ БАЙГААГ “ДӨРВӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АНХААРУУЛЖЭЭ
Аюулгүй байдлын асуудлаарх 4 талт яриа хэлэлцээ (Дөрвөл)-ний улс болох АНУ, Австрали, Энэтхэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд нар Мьянмар улс дахь хямрал нь Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулжээ. Эдгээр улсын зүгээс хүчирхийллийг нэн даруй зогсоох, улс төрийн хоригдлуудыг суллах, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх боломж бүрдүүлэх, мөн бүх оролцогч талуудтай бодит яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалжээ. Мөн АСЕАН-ны Мьянмарын асуудлаарх Таван зүйлт зөвшилцлийг дэмжиж буйгаа дахин нотолжээ. “Дөрвөл”-ийн сайд нар Мьянмарын тогтворгүй байдал нь хүний наймаа, цахим гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа зэрэг хил дамнасан гэмт хэргийг улам нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ. Шинэ Дели хотноо болсон тус уулзалтаар талууд мөн далайн хяналт, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн аж. “Дөрвөл” нь Энэтхэг–Номхон далайн бүс нутагт чөлөөтэй, нээлттэй, хүртээмжтэй орчныг дэмжих зорилготой албан бус стратегийн чуулга уулзалт юм.
Эх сурвалж: Thai PBS World