ВЬЕТНАМ УЛС ЭКСПОРТЛОГЧ, ДЭЛХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БОЛОХ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС ИЛҮҮ БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЖ БАЙНА
Нийлүүлэлтийн сүлжээ өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчид АСЕАН-ны бүс нутагт өртөг багатай, хурдтай өсөж буй зах зээлийг эрэлхийлэх болсон энэ үед Вьетнам улс экспорт болон дэлхийн үйлдвэрлэлийн төв болох Тайландын Хаант Улсыг гүйцэж, байр сууриа бэхжүүлж буй. Тайландын Хаант Улс нь логистик, авто замын дэд бүтэц, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт, бүс нутгийн төв гэдэг давуу талтай хэвээр байгаа. Гэсэн хэдий ч хүнд суртал, төрийн байгууллагын уялдаа сул байдал, ажиллах хүчний хомсдол, хүн амын насжилт, технологийн дасан зохицол удаан зэрэг сорилттой тулгарч байгаа аж. Харин Вьетнам улс дэд бүтцээ эрчимтэй сайжруулж, хурдны авто замын сүлжээгээ өргөжүүлж, Хойд-Өмнөд чиглэлийн өндөр хурдны төмөр замын томоохон төслийг төлөвлөж, залуу, илүү олон хүн амтай, хөдөлмөрийн өртөг харьцангуй бага, хямд ажиллах хүчийг санал болгож байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа ажээ. Мөн авлигын эсрэг бодлого нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй. Samsung, LG, Apple зэрэг томоохон компаниуд Вьетнам дахь үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа бол Тайландын Хаант Улс нь удирдлага, судалгаа, бүс нутгийн зохицуулалтын төвийн үүрэг гүйцэтгэх хандлагатай болж байгаа ажээ. Энэ нь Тайландын Хаант Улс, Вьетнам улс нь зөвхөн худалдааны түнш бус, харин АСЕАН-ны дараагийн томоохон эдийн засгийн төв болохын төлөө шууд өрсөлдөгчид болж байгааг харуулж буй.
Эх сурвалж: Nation Thailand