ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНЫ I УЛИРАЛД 2.8 ХУВИАР ӨСӨВ
Тайландын Хаант Улсын Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөвлөлийн мэдээлснээр тус улсын эдийн засаг 2026 оны I улиралд 2.8 хувиар өссөн нь өнгөрсөн 2025 оны IV улирлын үзүүлэлтээс 0.7 хувиар өссөн байна. Тайландын Сангийн сайд Экнити Нититанапрапас эдийн засаг өсөлт энэ оны I улиралд эерэг гарсан ч энэ нь эрчим хүчний хямрал бүрэн нөлөөлж эхлэхээс өмнөх нөхцөл байдлыг илэрхийлж байгааг тэмдэглээд, инфляц нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар суларч байгаа нь ирэх сард эдийн засагт дарамт учруулна гэж мэдэгдэв. Түүний мэдээлснээр өнгөрсөн 04 дүгээр сард инфляц 2.9 хувьд хүрсэн бөгөөд амьжиргааны өртөг, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн зардал 10 орчим хувиар нэмэгдсэн нь аж ахуйн нэгжийн ашиг буурч, алдагдал хүлээхэд нөлөөлөх эрсдэлийг бий болгож аж. Үүнтэй холбогдуулан Засгийн газар 400 тэрбум тай баат буюу ойролцоогоор 12.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж, өрхийн амьжиргааны дарамтыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, түлшний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болсныг Сангийн сайд Экнити Нититанапрапас онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Bangkok Post