ЗАСГИЙН ГАЗАР ХУВИЙН ХЭВШЛИЙН САЛБАРЫН САНАЛЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тайландын Хаант Улсын Засгийн газар дотоодын томоохон аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан санал, санаачилгыг албан ёсны үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр саналыг банк санхүү, аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн байна. Эдгээр санал нь иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, дэд бүтэц болон цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг хурдасгахад чиглэж байгаа аж. Мөн эдгээр аж ахуйн нэгж залууст зориулсан өндөр цалинтай ажлын байр бий болгохын тулд дижитал технологи, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйтэй салбарыг дэмжихийг уриалжээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд төрийн зохицуулалтыг шинэчилж, ил тод байдлыг сайжруулах хэрэгтэйг бизнес эрхлэгчид онцолсон байна. Засгийн газар уг төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах зорилгоор Төр, хувийн хэвшлийн хамтарсан хороо байгуулж, зургаан сарын дотор үр дүнг нь эргэж дүгнэхээр болжээ.
Эх сурвалж: Bangkok Post