ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 2026 ОНД ХУДАЛДААНЫ БОДЛОГОО ИДЭВХЖҮҮЛЖ, АНУ-ЫН ТАРИФЫН ДАРАМТАД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫН ЗЭРЭГЦЭЭ ГУРВАН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЭНЭ ОНД БАГТААН ЭЦЭСЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Тайландын Худалдааны хэлэлцээний газрын Ерөнхий захирал Чотима Иемсавасдикулын мэдэгдсэнээр, тус улс АНУ-тай тарифын асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа гэжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан хамтарсан мэдэгдлийн үргэлжлэл ажээ. Одоогоор талууд хэлэлцээрийн нарийвчилсан нөхцөлүүдийг ярилцаж байгаа бөгөөд АНУ-ын 122 дугаар заалтын хүрээнд мөрдөж буй 10 хувийн тарифын арга хэмжээ нь ирэх долдугаар сард дуусах товтой байгаа аж. Үүний зэрэгцээ Тайландын Хаант Улс энэ оны хоёрдугаар хагаст гадаад зах зээлээ тэлэх ажлыг эрчимжүүлж, хүлээгдэж буй чөлөөт худалдааны хэлэлцээрийг дуусгахад анхаарах аж. Тодруулбал Тайланд–Европын Холбоо, Тайланд–БНСУ, мөн АСЕАН–Канадын хэлэлцээрийг энэ онд багтаан эцэслэх зорилт тавьжээ. Энэхүү бодлого нь тус улсын экспортлогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ худалдааны эрсдэлийг багасгах зорилготой ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand