images

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ЗОРИХ “Z” ҮЕИЙНХНИЙ АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ

МЭДЭЭ

2026-03-13

23

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа газрын тосны үнийн өсөлт нь Тайландын Хаант Улсыг зорих “Z” үеийнхний аяллын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж болзошгүйг тус улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Натрийяа Тавийвонг  анхааруулав. Тэрбээр газрын тосны үнийн өсөлт нислэгийн тийзийн үнэд шууд нөлөөлж, улмаар зардалд хэт мэдрэг ханддаг “Z” үеийнхний аяллын шийдвэрт нөлөөлөх, тухайлбал зарим иргэд аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх, эсхүл цуцлах магадлалыг нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдэв. Тус улс энэ 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 7.48 сая гадаад жуулчин хүлээн авч, 368.1 тэрбум тай баат буюу ойролцоогоор 11.4 тэрбум ам.долларын орлого олсон ч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Ойрх Дорнодын бүс нутгаас тус улсыг зорих гадаад жуулчдын тоо бүс нутгийн хурцадмал байдал болон Рамадан сар тохиож буйтай холбоотойгоор өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурав. Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал, түүний эдийн засагт үзүүлж буй нөлөөг харгалзан тайландын Засгийн газар шинэ зах зээлд чиглэсэн аялал жуулчлалын маркетинг, сурталчилгаагаа нэмэгдүүлж, дотоодын аяллыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Nation Thailand