ДАЙНЫ ЭРСДЭЛ НЭМЭГДСЭН НЬ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
Ойрх Дорнодод Америкийн Нэгдсэн Улс, Израил Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд үүсээд буй зөрчил, мөргөлдөөн хурцадсан нь дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй савлагаа үүсгэв. Ялангуяа Азийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид болзошгүй эрсдэлээс сэргийлж, хувьцаагаа их хэмжээгээр худалдах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд Тайландын Хөрөнгийн биржийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн арилжааны үеэр хөрөнгийн биржийн индекс 8.01 хувиар унаж, таван жилийн хугацаанд анх удаагаа арилжааг түр зогсоох “Circuit Breaker” арга хэмжээг 30 минут идэвхжүүлсэн аж. Тайландын хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Асадеж Консири-гийн мэдээлснээр хөрөнгийн зах зээлийн уналт нь Ойрх Дорнодын нөхцөл байдалтай шууд холбоотойг, мөн энэхүү нөхцөл байдлын улмаас Азийн зах зээл дээр “Бүгдийг худалдах” хандлага ажиглагдаж байгааг онцлон тэмдэглэв. Бүгд Найрамдах Солонгос Улсын “KOSPI” индекс нэг өдрийн дотор 12.06 хувиар унасан нь 2001 онд бүртгэгдсэн индексийн уналтыг давсан үзэгдэл болсон байна. Түүнчлэн япон, хонконг, индонезийн хөрөнгийн биржийн индекс ойролцоогоор 2-5 орчим хувийн уналттай байгаа ба зарим судлаачдын үзэж байгаагаар хөрөнгийн зах зээлийн уналт нь зарим талаар хөрөнгө оруулагчдын болгоомжлол, богино хугацааны “айдас”-тай холбоотой байж болох ч геополитикийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхөөс хамааран эрчим хүч, санхүүгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох эрсдэлтэйг онцолж байна.
Эх сурвалж: Nation Thailand