images

ТАЙЛАНД, ӨМНӨД СОЛОНГОС ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

МЭДЭЭ

2025-11-03

18

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилгоор Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ (Comprehensive Economic Partnership Agreement)-г богино хугацаанд дуусгахыг зорьж байна гэв. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь уламжлалт үйлдвэрлэлээс гадна цахим, ногоон технологи, дэвшилтэт салбар зэрэг өндөр үнэ цэнтэй салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. Хоёр талын хэлэлцээ хэдийгээр 2004 онд эхэлсэн ч зогсонги байдалд ороод байсан юм. Өмнөд Солонгост зохион байгуулагдсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл болон Ли Жэ Мён нар батлан хамгаалах, эрчим хүчний шилжилт болон эдийн засгийн хэлэлцээг урагшлуулах талаар тохиролцов. Мөн Ерөнхий сайд Анутин Чанвиракүл цахим аюулгүй байдлын чухал ач холбогдлыг онцолж, цахим луйврын улмаас Зүүн Өмнөд Азид нэмэгдэж буй хил дамнасан кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр АСЕАН-ны стратегийн гарц хэмээн тооцогддог Тайланд нь дэвшилтэт үйлдвэрлэл, цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), батерей, хагас дамжуулагч зэрэг салбарын инновацид суурилсан өсөлтийг хэрэгжүүлж байгаа нь Өмнөд Солонгосын эдийн засгийн давуу талтай нягт нийцэж байгааг онцолсон ажээ.

Эх сурвалж: The Nation