МАЛАЙЗ УЛС ДЭЛХИЙН БИЗНЕСИЙН ТӨВ БОЛЖ БАЙНА
Standard Chartered банкны хийсэн "Худалдааны ирээдүй: Уян хатан байдал" нэртэй сүүлийн үеийн судалгаагаар Малайз Улс нь дэлхийн томоохон аж ахуйн нэгжийн Зүүн Өмнөд Ази дахь хамгийн чухал зах зээлээр тодорсон байна. Уг судалгаанд хамрагдсан компанийн 35-аас илүү хувь нь тус улстай хийх худалдааны үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, эсхүл хадгалахаар төлөвлөж байна. Тухайлбал, Малайз Улсын худалдааны гол түнш болох БНХАУ болон АНУ-ын аж ахуйн нэгжийн талаас илүү хувь нь тус улсад худалдаа хийх, үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Бүс нутгийн худалдаа мөн өсөх төлөвтэй байгаа бөгөөд Тайланд, Индонез зэрэг улс Малайзаас илүү их худалдан авалт хийх, Сингапурын аж ахуйн нэгж Жохор-Сингапурын Тусгай эдийн засгийн бүс зэрэг санаачилгыг ашиглан үйлдвэрлэлийн баазаа байгуулахаар төлөвлөж байгаа аж. Эдгээр ашиг сонирхол нь нийлүүлэлтийн сүлжээгээ илүү тогтвортой болгохыг зорьж буй аж ахуйн нэгжийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хямд зардал, таатай хөдөлмөрийн зах зээл, бодлогын хөшүүргийг Малайз Улсаас санал болгож чадсантай холбоотой юм.
Эх сурвалж: The Nation Thailand