images

ДЭЛХИЙН БАНК УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛИЙГ ҮЛ ХАРГАЛЗАН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

МЭДЭЭ

2025-10-08

71

Дэлхийн банк Тайландын Хаант Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийг (ДНБ) нэмэгдүүлж, 2 хувь байхаар шинэчлэн гаргажээ. Ирэх 2026 онд эдийн засгийн өсөлт бага зэрэг буурч 1.8 хувьд хүрнэ гэж үзжээ. Гэсэн хэдий ч тус банкны тайланд улс төрийн тодорхойгүй байдал нь хэрэглэгчдийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг бүхэлд нь сааруулж болзошгүй гэж онцолжээ. Энэ Мягмар гарагт буюу 10 дугаар сарын 07-ны өдөр болсон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын 2025 оны аравдугаар сарын мэдээллийн тухай хэвлэлийн бага хурлын үеэр Дэлхийн банкны бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Аадитя Матту хэлэхдээ, сүүлийн 30 жилийн турш өндөр түвшинд байсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт одоо буурах чиглэлд орж байгааг тэмдэглэжээ. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ онд 4.8 хувь, ирэх онд 4.3 хувь байх төлөвтэй байгаа нь өнгөрсөн жилийн 5 хувиас буурсан үзүүлэлт аж.

АСЕАН-ны хамгийн том таван эдийн засаг (АСЕАН-5) болох Индонези, Малайз, Филиппин, Сингапур, Тайландын Хаант Улс энэ онд 4.6 хувь, ирэх онд 4.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа нь 2024 оноос буурсан үзүүлэлт юм. Тэрбээр энэхүү бууралтад нөлөөлж буй гурван үндсэн гадаад хүчин зүйл нь: худалдааны хязгаарлалт нэмэгдэж буй байдал, дэлхийн худалдааны бодлогын тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн нийт өсөлт саарч буй явдал гэжээ. Дотоод хүчин зүйлсийн хувьд, эдийн засгийн бодлого болон бүтцийн шинэчлэл хийх шаардлага нь өсөлтийн чиг хандлагад чухал нөлөө үзүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand