“BINANCE” ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ КРИПТО ТӨВ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Дэлхийн хамгийн том криптовалютын биржийн оператор “Binance”-ийн үзэж байгаагаар Тайландын Хаант Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн криптовалютын төв болох асар их чадамжтай аж. “Binance”-ийн Ази, Номхон далайн бүсийн шинэ тэргүүн Секер хэлэхдээ, Тайландын Хаант Улсад хууль эрх зүйн тодорхой зохицуулалт бүхий тогтвортой орчин, хүн амын дундах криптовалютын талаарх ойлголт болон макро эдийн засгийн таатай орчин бүрдүүлсэн нь цахим хөрөнгийн салбарыг цаашид хөгжүүлэх асар их боломж байгааг тэмдэглэжээ. “Chainalysis”-ийн хамгийн сүүлийн жилийн тайланд дурдсанаар, Тайландын Хаант Улс 2025 онд дэлхийн криптовалют нэвтрүүлэх индексээр 17-д, Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хамгийн их хүн амтай зах зээл болох Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг улсын дараа долоодугаарт орж байна. Энэхүү үзүүлэлт нь тус улсыг цахим хөрөнгийн хувьд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна гэж Секер тэмдэглэжээ. Түүний хэлснээр, “Ази, Номхон далайн бүс нутаг маш өргөн, чухал бүс нутаг бөгөөд ойролцоогоор 60-70 хувийн өсөлттэй байна” гэжээ.
Тайландын Үнэт цаасны хорооны мэдээлснээр, 2025 оны 8 дугаар сарын байдлаар Тайландын Хаант Улсад цахим хөрөнгийн нийт үнэлгээ 100 тэрбум баат болж, өдөр тутмын арилжааны дүн нь ойролцоогоор 3 тэрбум баат хүрчээ. Энэ нь 2024 онд байсан 91.3 тэрбум болон 1.79 тэрбум баат-аас өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн сард цахим хөрөнгийн дансны тоо 2.83 саяд хүрсэн нь өмнөх жилийн 2.43 сая данснаас нэмэгдсэн үзүүлэлт аж.
Эх сурвалж: Bangkok Post