АНУ-ЫН ГААЛИЙН ШИНЭ ТАРИФЫН БОДЛОГЫН УЛМААС КАМБОЖ, ВЬЕТНАМ, ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ АМСАЖ БУЙ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн илтгэлд дурдсанаар АНУ-ын гаалийн тарифын бодлогод гарсан сүүлийн үеийн өөрчлөлт нь АСЕАН-ны эдийн засагт ихээхэн нөлөөлж байгаа бөгөөд АНУ-д хийх нийт экспорт 9.7 хувиар буурах төлөвтэй байгааг анхааруулжээ. Камбож, Вьетнам, Тайландын Хаант Улс зэрэг экспортод тулгуурласан эдийн засагтай улс хамгийн их алдагдал хүлээх төлөвтэй байгаа аж. Камбожийн Хаант Улс хамгийн их эрсдэлтэй гэж тооцогдож байгаа бөгөөд тус улсын АНУ-д хийх экспорт 23.9 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Тус улсын нийт экспортын 58 орчим хувь нь АНУ-аас хамааралтай бөгөөд тарифын дундаж хэмжээ 19 хувьд хүрч байгаа аж. Үүнээс гадна, тус улсыг АНУ-ын татвараас зайлсхийх бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн тээвэрлэх боломжит төв болох эрсдэлтэй гэж үзэж анхаарал хандуулж болзошгүй аж.
Экспортлогчид зардлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэлийг шинэ зах зээлд төрөлжүүлж, дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх замаар зарим үр дагаврыг бууруулж болох ч энэ бүхний бүрэн нөлөөлөл, үр дагаврыг тодорхой болгоход хэдэн жил шаардагдаж болзошгүй аж. Гэсэн хэдий ч Дэлхийн банк АНУ-ын тарифын дараа Вьетнамын энэ жилийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг өмнөх 6.8 хувиас 6.6 хувь болгон бууруулжээ. Энэхүү төсөөлөл нь тус улсын Засгийн газрын албан ёсны зорилт болох 8.3–8.5 хувиас хавьгүй доогуур байгаа аж. Тайландын Хаант Улс мөн адил АНУ-ын тарифын арга хэмжээний улмаас ихээхэн хохирол амсаж байгаа бөгөөд тус улсын АНУ-д хийх экспорт 12.7 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Энэ нь автомашин, цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг экспортын голлох салбараас ихээхэн хамааралтай байдлаас үүдэлтэй бөгөөд эдгээр бараанд дунджаар 19 орчим хувийн тариф ногдуулсантай холбоотой аж.
Эх сурвалж: Asia News Network