ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД БАЙГУУЛАХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАРААГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТОВЫГ ТОХИРОВ
Тайландын Хаант Улс, Европын Холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн долоо дахь удаагийн яриа хэлэлцээг энэ 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо хийхээр болсныг тайландын Худалдааны яриа хэлэлцээний газрын дарга Чотима Емсавасдикул хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв. Тэрбээр талууд 24 бүлэг бүхий энэхүү Чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийн 7 бүлгийг харилцан тохиролцсон бөгөөд хэлэлцээрийн төслийг ирэх онд эцэслэх төлөвтэй байна гэж мэдэгдэв. Европын Холбоо нь Тайландын Хаант Улсын худалдааны дөрөв дэх томоохон түнш бөгөөд Европын Холбоо руу гол төлөв компьютер, тоног төхөөрөмж, үнэт чулуу, сэрүүцүүлэгч, тээврийн хэрэгсэл экспортолдог байна. Өнгөрсөн 2024 онд Тайландын Хаант Улс, Европын Холбоо хооронд хийсэн гадаад худалдааны эргэлт 43.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: Bangkok Post