ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТУСЛАМЖТАЙГААР ГЭМТ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Төв мөрдөх товчоо (Central Investigation Bureau) хиймэл оюун ухаан ашигладаг камерын систем нэвтрүүлсэн нь гэмт хэрэгтнүүдийг хурдан илрүүлэх, баривчлахад нэмэртэй байна. Үүнийг туршилтын шугамаар иргэд ихээр зорчдог олон нийтийн газар, нийтийн тээврийн зогсоол, нисэх онгоцны буудал, галт тэрэгний төв буудал зэрэг газарт ашигласан бөгөөд зарим газарт ганцхан камер өдөрт 20 этгээдийг илрүүлсэн байна. Хиймэл оюун ухаанд суурилсан камер нь бодит цагт их өгөгдөл боловсруулж, нүүр царайг эрүүгийн мэдээллийн сантай холбон илрүүлэхэд тусалдаг байна. Энэхүү технологийн хүрээнд сүүлийн 4 сард нийт 500 сэжигтэнг баривчилсан. Түүнчлэн системийн алдааг бууруулахын тулд тухайн этгээдийг таних магадлалыг 95%-иас доошгүй хувьд тохируулж, баривчлахын өмнө газар дээрх алба хаагчид биеийн байцаалтыг шалгах аж. Одоогоор сүлжээний цар хүрээ бүрэн хангагдаагүй, улсын хэмжээнд 180 байршилд байгаа бөгөөд цаашид 1000 камер суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: Bangkok Post