ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГОЛ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖЭЭ
Тайландын Хаант Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын гол аудитын шалгалтад тэнцсэн нь тус улс нисэхийн аюулгүй байдлын чиглэлд тэргүүлж байгааг нотолж байна гэж Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газраас энэ Мягмар гарагт мэдэгджээ. Олон улсын иргэний нисэхийн байгууллага саяхан Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоонд хийдэг “Аюулгүй байдлын ерөнхий аудитын хөтөлбөр - Тасралтгүй хяналт шинжилгээ”-ний хүрээнд тус улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоонд аудит хийж дууссан гэж Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газрын Ерөнхий захирал, Агаарын маршал Манат Чаванапрайон хэлжээ.
Энэ 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 8-ны өдөр хийсэн шалгалт нисэхийн үндсэн хууль тогтоомж, иргэний нисэхийн дүрэм, иргэний нисэхийн зохион байгуулалт, боловсон хүчний тусгай зөвшөөрөл, агаарын хөлгийн ашиглалт, нислэгт тэнцэх чадвар, осол, ослын мөрдөн шалгах ажиллагаа, агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудал ба газрын тусламж гэсэн найман чиглэлээр хийгджээ. Агаарын маршал Манат хэлэхдээ, Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газар шууд хариуцдаг чиглэл болох хууль тогтоомж, зохион байгуулалт, үйл ажиллагаа, нислэгт тэнцэх чадвар, лиценз, агаарын навигаци болон нисэх буудлын урьдчилсан дүн 91.35 хувийн үнэлгээтэй гарсан нь дэлхийн дундаж болох 70.5 хувиас хавьгүй өндөр байсан гэжээ. Тайландын Хаант Улс хоёр ангилалд буюу нисэхийн хууль тогтоомж болон зохион байгуулалтын үнэлгээгээр 100 хувь буюу төгс оноо авчээ. Энэ нь тус улсын хууль эрх зүйн орчин сайн, орчин үеийн боловсронгуй бөгөөд дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч улсын түвшинд хүрсэн өндөр чадамжтай нисэхийн зохицуулах байгууллагатайг харуулж буй хэрэг гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.
Эх сурвалж: Bangkok Post