БАНГКОК ХОТ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО
Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Сурия Жуангрунгруангкит “20 тай баат-ын галт тэрэг” хөтөлбөрийг энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болсон гэж мэдэгдэв. Энэхүү хөтөлбөр нь нийслэл Бангкок хот болон зэргэлдээ мужийг холбосон 8 шугам, 13 чиглэлтэй бөгөөд нийт 276,84 км урттай 194 зогсоол бүхий төмөр замын сүлжээгээр 20 тай баат төлж, зорчих боломжийг олгож байгаагаараа онцлог аж. Тайландын Тээврийн яамнаас төлбөрийг нэг түвшинд тогтоохтой холбогдсон дотоодын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ирэх 08 дугаар сарын 07-ны өдөр Парламентад өргөн мэдүүлэх бөгөөд нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар уг хөтөлбөр төлөвлөсөн хугацаанд хэрэгжих боломжтой болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: The Nation Thailand