images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС АНУ-ТАЙ ХИЙСЭН ХУДАЛДААНЫ ЗӨРҮҮГ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР БУУРУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-05-21

42

Тайландын Хаант Улс АНУ-тай хийсэн худалдааны илүүдлээ жил бүр 5 тэрбум ам.доллараар буюу гуравны нэгээр бууруулахаар төлөвлөж байгааг Сангийн сайд Пичай Чунхаважира мэдэгдлээ. Засгийн газраас экспортын гарал үүслийн дүрмийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж, АНУ-тай урт хугацааны шударга, тэнцвэртэй худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгийг тэрбээр энэ Мягмар гарагт буюу энэ 5 дугаар сарын 20-ны өдөр Бангкок хотноо болсон Америкийн Худалдааны танхимын уулзалтад хэлжээ.

Тэрбээр худалдааны илүүдлийг бууруулах хугацааг тодорхой заагаагүй бөгөөд энэ нь өнгөрсөн жил АНУ-тай хийсэн нийт 46 тэрбум ам.долларын худалдааны илүүдлийн ойролцоогоор гуравны нэгтэй тэнцэх аж. Тайландын Хаант Улс Д.Трампын Засаг захиргааны 36 хувийн тарифын арга хэмжээнээс сэргийлэх зорилгоор албан ёсны хэлэлцээ эхлүүлэх саналыг хүргүүлээд байгаа бөгөөд хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол энэхүү тариф нь ирэх 7 дугаар сарын эхээр хэрэгжиж эхлэх эрсдэлтэй байгаа юм. Өнгөрсөн жил АНУ нь Тайландын Хаант Улсын хамгийн том экспортын зах зээл байсан бөгөөд тус улсын нийт экспортын 18 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: Bangkok post