МАЛАЙЗ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Малайз Улс, Европын Холбоо хооронд чөлөөт худалдааны шинэ, иж бүрэн хэлэлцээр байгуулах эхний шатны хэлэлцээг Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь АНУ-ын өндөр татварын бодлогын улмаас борлуулалт буурсан бараа бүтээгдэхүүнийг Европт болон Малайзын зах зээлд харилцан гаргах ашиг сонирхолд тулгуурлаж байгаа аж. Малайз Улсын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд Датук Сери Утама Зафрул Тенгкү Абдул Азизын мэдээлснээр хоёр талын хэлэлцээг 2026 он гэхэд дуусгах зорилготой байгаа юм.
Малайз Улс, Европын Холбоо хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээг 2010 онд эхлүүлсэн боловч далдуу модны тос худалдаалах бодлогын улмаас 2012 онд хэлэлцээг зогсоосон аж. Европын Холбоо нь Малайз Улсын дөрөв дэх том худалдааны түнш (Хятад, Сингапур, АНУ-ын дараа) бөгөөд 2023 онд тус улсын нийт бараа бүтээгдэхүүний худалдааны 9.5 хувийг эзэлж, 2023 оны байдлаар хоёр талын худалдаа 44,7 тэрбум еврод үнэлэгдэж байна.
Эх сурвалж: Bernama Biz