images

ЕРӨНХИЙ САЙДЫН ВЬЕТНАМ ДАХЬ АЙЛЧЛАЛ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ҮЕИЙГ ЭХЛҮҮЛНЭ

МЭДЭЭ

2025-05-14

78

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонгтан Чинаватын энэ 5 дугаар сарын 15-наас 16-ны өдрийг хүртэл Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Тайландын Хаант Улсын Ерөнхий сайдын хийж буй анхны айлчлал болж байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулах бөгөөд өнгөрсөн 50 жилийн туршид хөгжиж ирсэн хоёр талын харилцаанд шинэ эргэлтийн цэг болно гэж үзэж буй. Өмнөд Вьетнамыг чөлөөлсний болон үндэстний нэгдэн нийлсний 50 жилийн ой энэ 4 дүгээр сарын 30-нд тохиосонтой холбогдуулан Ерөнхий сайд Петонгтан Чинават Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинд баярын мэндчилгээ хүргэж, хоёр улсын ойр дотно, түншлэлийн харилцааг Тайландын Хаант Улс өндрөөр үнэлдэг болохыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр хоёр улсын харилцааг улам бэхжүүлж, шинэ түвшинд гаргахын тулд Вьетнам Улстай нягт хамтран ажиллах байр сууриа нотлон илэрхийлжээ. Энэ удаагийн айлчлал нь бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй болж байгаа энэ цаг үед хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэл эрмэлзлийг харуулж буй чухал алхам гэж үзэж буй.

Эх сурвалж: Bangkok post