БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ШИНЭ ЭКСПОРТЫН ЗАХ ЗЭЭЛ ОЛОХЫГ УРИАЛАВ
Аж үйлдвэрлэлийн бүс хөгжүүлэгч “Амата Корпораци"-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Викром Кромадит хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ирэх 7 дугаар сараас хэрэгжиж эхлэх гаалийн татварын бодлого нь тус улсын худалдааны эрсдэлийг нэмэгдүүлэх тул Тайландын Хаант Улсын бизнес эрхлэгчид шинэ экспортын зах зээл хайж эхлэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трамп Тайландын Хаант Улсын АНУ-д нийлүүлэх экспортын бараанд энэ 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 36 хувийн гаалийн татвар ногдуулсан боловч хоёр улсын хоорондох худалдааны алдагдлыг бууруулах хэлэлцээр хийх боломжийг олгох зорилгоор түүний хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулахаар шийдвэрлэсэн. Тайландын Хаант Улс өнгөрсөн онд АНУ-тай хийсэн худалдаанаас 35 тэрбум ам.доллар буюу 1.2 их наяд баат давсан ашигтай гарсан нь дэлхийд 11 дүгээрт бичигдсэн үзүүлэлт болжээ. Үйлдвэрлэгчид энэхүү гурван сарын хугацааг ашиглан бусад зах зээлд бизнесийн шинэ боломжийг хайх, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээг сайжруулж шинэ хэрэглэгчдийн хэрэгцээг илүү сайн хангах чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж Викром зөвлөжээ. Тэрбээр "Тайландын Хаант Улсын экспорт АНУ, Европ болон Японы зах зээлд төвлөрдөг. Экспортлогчид илүү их бараа бүтээгдэхүүнийг БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн улсад нийлүүлэх хэрэгтэй" гэжээ.
Эх сурвалж: Bangkok post