ШИ ЖИНЬПИНИЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ КАМБОЖ-ХЯТАДЫН ХАРИЛЦААГ ШИНЭ ӨНДӨРЛӨГТ ХҮРГЭВ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий 2025 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдөр Камбожийн Хаант Улсад хийсэн төрийн айлчлал нь стратегийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг ихээхэн бэхжүүлж, хоёр үндэстний найрамдалт харилцааг гүнзгийрүүлсэн аж.
Энэхүү айлчлалаар нийт 37 баримт бичгийг байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалт, худалдаа, боловсрол, санхүү, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, усны нөөц, аялал жуулчлал, эмэгтэйчүүд болон залуусын асуудал зэрэг олон салбарыг хамарсан байна.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд Хун Манет-тай уулзах үеэр тус улсыг 2050 он гэхэд өндөр орлоготой улс болгох алсын харааг тууштай дэмжихээ амлаж, бүх салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдэв. Тэрээр мөн хятадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийг дэмжиж, уурхайн цэвэрлэгээ, зам, хөдөөгийн бүтээн байгуулалт, усан хангамжийн систем, эрчим хүчний сүлжээ зэрэг чухал дэд бүтцийн төслийг дэмжинэ гэв. Үүнээс гадна ойрын гурван жилийн хугацаанд камбожийн 1000 оюутанд тэтгэлэг олгох ажээ.
Эх сурвалж: Khmer Times