ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭНЭ ОНЫ 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НЭВТРЭХ/ГАРАХ ЦАХИМ ХУУДСЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яамнаас газар, ус, агаарын хилээр нэвтэрч буй гадаад улсын иргэдээс цахим нэвтрэх/гарах хуудас (TM6 Form) авах ажлыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Наттрияа Тавийвонг онцлов. Тэрбээр нэвтрэх/гарах хуудсыг цахим хэлбэрт шилжүүлснээр жуулчдын байх хугацаа, байршилд хяналт тавих бүрэн боломжтойгоос гадна тус улсад итгэх гадаад улсын иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тэмдэглэв. Нэвтрэх/гарах хуудсыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тус улсын Шилжилт хөдөлгөөний газар хариуцан хэрэгжүүлэх аж. Тус улсын Засгийн газраас өнгөрсөн 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах, жуулчдын хилээр нэвтрэх хугацааг хөнгөвчлөх зэрэг зарим санал санаачилга, тухайлбал гадаад улсын иргэдээс 300 тай баат буюу 8 орчим ам.долларын аялал жуулчлалын хураамж авах, цахим зорчих зөвшөөрөл (Electronic Travel Authorization) мэдүүлэх зэрэг ажлыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр холбогдох яриа хэлэлцээг эхлүүлсэн ч тус улсын Засгийн газраас тухайн асуудлыг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулаад байна.
Эх сурвалж: Bangkok Post