ЗАСГИЙН ГАЗАР КАЗИНОГ ХУУЛЬ ЁСНЫ БОЛГОСНООР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ 120-240 ТЭРБУМ БААТ (6,9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР) ОРЛОГО ОРНО ГЭЖ ТООЦООЛЖ БАЙНА
Тайландын Хаант Улсад казиног хууль ёсны болгосноор гадаадын жуулчдын тоог 5-10 хувиар нэмэгдүүлж, аялал жуулчлалын салбар жилд 120-240 тэрбум баатын орлого оруулах боломжтой болно гэж тус улсын Сангийн сайд энэ Даваа гарагт мэдэгдэв. Засгийн газрын өнгөрсөн Даваа гарагийн хуралдаанаар тус яамнаас өргөн мэдүүлсэн “Зугаа цэнгээний цогцолборын бизнесийн тухай хууль”-ийн төслийн эрх зүйн зарчмыг батлав. Уг хуулийн төсөл нь тус улсын далд мөрийтэй тоглоомын салбарыг хуульчлах зорилготой бөгөөд зугаа цэнгээний цогцолбор, казино байгуулах замаар татварын орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгаа ажээ.
Сангийн дэд сайд Жулапун Амонвиват хэлэхдээ, дараагийн алхам нь Төрийн зөвлөл хуулийн төслийг хянан үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулсны дараа Засийн газраас уг төслийг ирэх 1-2 сарын дараа болох Төлөөлөгчдийн танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулна гэв. Энэхүү төсөл нь усан парк, тоглоомын парк, худалдааны төв, үзвэр үйлчилгээний цогцолбор, Тайландын Хаант Улсад дэлхийн хэмжээний концерт, хөгжмийн наадам, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг аялал жуулчлалыг сурталчлах төрийн бодлоготой нийцэж буйг онцолж хэлэв. Тэрбээр "Эдгээр зугаа цэнгэлийн цогцолбор нь жуулчид бага ирдэг улиралд жуулчдаас орох орлогыг 13 орчим хувиар нэмэгдүүлэх, улмаар аялал жуулчлалын идэвхтэй болон бага улирлын орлогын зөрүүг багасгахад дэмжлэг үзүүлэх болно" гэж хэлжээ. Мөн орон нутагт 9000-15000 ажлын байр бий болгох юм гэв. Энэ Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Петонгтан Чинават хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сингапур Улсад казино нь бизнесийн ердөө 10 хувийг бүрдүүлдэг ижил төсөл хэрэгжүүлсэн нь аялал жуулчлал болон эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлж, ДНБ-ийг нэмэгдүүлснийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: The Nation Thailand