images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАВАН ЗҮЙЛ БҮХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

МЭДЭЭ

2024-11-22

57

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават-аар ахлуулсан Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх хороо өнгөрсөн Пүрэв гарагт хуралдаж, улсын эдийн засгийг богино болон урт хугацаанд эрчимжүүлэх таван зүйл бүхий төлөвлөгөөг батлав. Засгийн газраас энэхүү төлөвлөгөөг эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт нэвтрүүлж, улмаар дэд бүтэц, эдийн засгийн шинэ бүс байгуулах замаар улсын эдийн засгийг урт хугацаанд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү таван зүйл бүхий төлөвлөгөө нь:

  1. Үл хөдлөх: Зочид буудлын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зээл олгож, засвар, үйлчилгээгээ сайжруулах, иргэдэд газар түрээслэх, орон сууц худалдан авахад нь зээл олгох,
  2. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц: Нийтийн тээврийн үйлчилгээний хураамжийг 20 тай баат болгож, тогтмолжуулах, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, олон улсын ачаа тээврийн дэд бүтцийг хөгжүүлж, тээвэр, логистикийн системийг нэгтгэх,
  3. Хөдөө аж ахуй: Тариалан эрхлэгчдэд ашиглаж буй тариалангийн талбайн 1,600 м.кв тутамд 1,000 тай баат олгох замаар өрхийн зээлийн асуудлыг шийдвэрлэх, хөдөө аж ахуйн шинэ бүс хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх,
  4. Аялал жуулчлал, үйлчилгээ: Хамтын төлбөрийн систем, худалдааны төв, үйлчилгээний газарт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүхий “Шинэ жилийн бэлэг” арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын урлаг, соёлын арга хэмжээг тайландад зохион байгуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
  5. Амьжиргаа: Дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд бэлэн мөнгө тараах замаар амьдрал, ахуйг нь дээшлүүлэх, орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох, эдгээр болно.

Эх сурвалж: Nation Thailand