images

ТЭЭВРИЙН САЙД СУРИЯ: БАНГКОК ХОТЫН ТҮГЖРЭЛИЙН ХУРААМЖИЙН ЗАГВАР 6 САРЫН ДОТОР БЭЛЭН БОЛНО

МЭДЭЭ

2024-11-13

56

Тайландын Хаант Улсын Тээврийн сайд Сурия Жуангронгруангкит Бангкок хотын төв хэсэгт түгжрэлийн хураамж авахад тохиромжтой загварын судалгаа нь зургаан сарын дотор бэлэн болно гэж мэдэгдэв. Тэрбээр энэ Мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Бангкок хотод ямар загвар тохиромжтой болохыг тодорхойлох судалгаа хийхийг Тээвэр, замын бодлого төлөвлөлтийн албанд үүрэг болгосон гэв. Мөн тэрбээр хэлэхдээ уг түгжрэлийн төлбөрийг дэд бүтцийн санд төвлөрүүлж, улмаар түүгээр цахилгаан галт тэрэгний төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах болно гэжээ. Цахилгаан галт тэрэгний төслийг санхүүжүүлснээр Засгийн газраас нийслэл хот дахь бүх төрлийн цахилгаан галт тэрэгний үйлчилгээний үнийг 20 баат болгох бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болно гэж хэлэв. Энэхүү түгжрэлийн төлбөр нь агаарын бохирдлыг бууруулж, Бангкок хотын төвийн замын түгжрэлийг бууруулах болно гэжээ. Тэрбээр хотын төв хэсэгт түгжрэлийн төлбөрийг нэвтрүүлэхэд эхэндээ гадаадын бусад улсад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч тус улсын хувьд иргэдийн 60 гаруй хувь нь үүнийг дэмжиж байгаа гэж хэлжээ. Гэхдээ энэхүү төлбөрийг нэвтрүүлэх бүсэд амьдардаг буюу хотын төвд амьдарч байгаа иргэдийг уг төлбөрөөс чөлөөлөхөөр Засгийн газраас шийдвэрлэсэн гэв.

Үүний зэрэгцээ Зам, тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кричанон Айапунья хэлэхдээ, Тээвэр, замын бодлого, төлөвлөлтийн албанаас 2019-2022 оны хооронд түгжрэлийн хураамжийн төслийн талаар ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (GIZ) дэмжлэгтэйгээр судалгаа хийсэн гэв. Тээвэр, замын бодлого төлөвлөлтийн алба нь уг судалгааны үр дүнг судалж, Лондон, Сингапур, Стокгольм, Гётенбург, Милан хотод ашигласан загваруудтай харьцуулалт хийж байгаа аж. Түүнчлэн Бангкок хотын цахилгаан галт тэрэг явдаг бүсэд түгжрэлийн хураамж авах талаар судалгаа хийх гэрээний хүрээнд Тээвэр, замын бодлого, төлөвлөлтийн алба нь одоогийн байдлаар ИБУИНХУ-ын Засгийн газраас дэмжлэг хүсээд байгаа гэж хэлэв.

Эх сурвалж: The Nation Thailand