images

ТАЙЛАНДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АНУ-БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ШИНЭ ҮЕД БЭЛТГЭХИЙГ УРИАЛАВ

МЭДЭЭ

2024-11-06

34

Харрис, Трампын аль аль нь худалдааны татварыг нэмнэ гэж амлаж байгаа тул Тайландын бизнесүүд АНУ-БНХАУ-ын худалдааны дайн ширүүсэж байгаатай холбогдуулан түүний үр дагаварт бэлтгэх шаардлагатай болж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хэрхэхээс үл хамааран АНУ-БНХАУ-ын худалдааны дайны шинэ үе гарах нь гарцаагүй гэж Тайландын Ачаа тээвэрчдийн үндэсний зөвлөлөөс энэ Мягмар гарагт мэдэгдээд, Тайландын бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлийн болон экспортын төвүүд өөрчлөгдөж шилжих зэрэг үр дагаварт бэлтгэхийг уриалав. Тус зөвлөлийн тэргүүн Чайчарн Чароенсук хэлэхдээ, "АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн ч болсон БНХАУ-тай хийж буй худалдааны дайн Тайландын бизнес эрхлэгчдэд шинэ сорилт болно" гээд АНУ, БНХАУ нь сүүлийн жилүүдэд Тайландын Хаант Улсын хамгийн том худалдааны түншүүд байсаар ирсэн гэжээ.

Чайчарн хэлэхдээ, сүүлийн 7 жилийн хугацаанд АНУ, БНХАУ-ын үйлдвэрлэгчид худалдааны саад бэрхшээлийг даван туулахын тулд үйлдвэрлэл, экспортын төвөө тус улсад шилжүүлснээр АНУ, БНХАУ-ын худалдааны дайн Тайландын Хаант Улсад ашигтай байж ирсэн. Худалдааны дайны улмаас Тайландын Хаант Улсаас АНУ-д нийлүүлсэн электрон бараа бүтээгдэхүүний экспорт долоо дахин, дугуйны экспорт хоёр дахин нэмэгдсэн гэв. Мөн энэ оны есөн сарын байдлаар АНУ руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн гэж тэрбээр хэлэв. “Тайландын Хаант Улс нь АНУ болон БНХАУ-тай худалдаа болон харилцаандаа тэнцвэртэй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Тайландын Хаант Улс байр сууриа зөв чиглүүлж, худалдааны дайныг өөртөө ашигтайгаар ашигласан” гэж Чайчарн хэлэв. "Энэ сонгуулийн үр дүнд хэн нь ялахаас үл хамааран дэлхийн эдийн засаг, геополитик, худалдааны дайн болон Тайландын Хаант Улсын 2025 онд экспортод нөлөөлнө" гэжээ.

Эх сурвалж: The Nation Thailand