images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦАГААН БУДААНЫ ЭКСПОРТ ЭНЭТХЭГИЙН ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТЭЙ ТУЛГАРНА

МЭДЭЭ

2024-11-06

33

Энэтхэг Улс экспортын хязгаарлалт болон татварыг цуцалж, будаагаа хязгааргүй экспортлохыг зөвшөөрсөн тул Тайландын Хаант Улсын цагаан будааны экспорт ширүүн өрсөлдөөнтэй тулгарах төлөвтэй байна гэж Тайландын цагаан будаа экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Чароен Лаотхамматас мэдэгджээ. Хязгаарлалттай байх үед ч Энэтхэг Улс энэ оны эхний есөн сарын байдлаар 12.20 сая тонн цагаан будаа (өмнөх оны мөн үеийнхээс 19.6 хувиар буурсан) экспортолж, дэлхийн хамгийн том цагаан будаа экспортлогч улс байсан бол Тайландын Хаант Улс 7.45 сая тонн (өмнөх оноос 22 хувиар өссөн) экспортолж хоёрдугаарт орсон гэв. Гуравдугаарт Вьетнам 6.96 сая тонн (8.4 хувиар өссөн), дараагаар нь Пакистан 4.45 сая тонн (74.4 хувиар өссөн), АНУ 2.5 сая тонн (56.3 хувиар өссөн) тус тус оржээ.

Энэ онд Тайландын цагаан будааны хамгийн том импортлогч нь нэг сая тонн орчим импортолсон Индонез Улс байсан бол дараагаар нь Ирак (907,715 тонн), АНУ (609,430 тонн), Өмнөд Африк (580,288 тонн), Филиппин Улс (399,493 тонн) байв. Тайландын Хаант Улсын цагаан будааны экспорт энэ оны эхний есөн сард ойролцоогоор 172 тэрбум баат хүрсэн нь өнгөрсөн оны 117,9 тэрбум бааттай харьцуулахад 45,8 хувиар өсжээ. Энэ 10 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар Тайландын Хаант Улсын 5 хувийн цагаан будааны үнэ тонн тутам 507 ам. доллар байгаа бол Вьетнамд 524-528 ам.доллар, Энэтхэгт 444-448 ам.доллар, Пакистанд 461-465 ам.доллар байв.

Эх сурвалж: Thai PBS World