images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГЭЭР УЛСАА СУРТАЛЧЛАХААР БЭЛТГЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-10-16

39

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газраас энэ Мягмар гарагт мэдэгдэхдээ, ирэх онд тус улсыг аялал жуулчлал, спортын арга хэмжээнд зорьж очих газар болгон сурталчлах Аялал жуулчлал, спортын яамны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэв. Энэ нь энэ 10 дугаар сарын 3-ны өдөр болсон Аялал жуулчлал, спортын яам, Аялал жуулчлалын газрын удирдлага болон тус байгууллагын дэлхий дахинаа байх 74 төлөөлөгчийн газрын төлөөлөгчид хооронд хийсэн уулзалтын дараа болжээ. Тус уулзалтын үеэр Аялал жуулчлал, спортын яамнаас “Тайландын аялал жуулчлал болон спортын гайхамшигтай жил 2025” хөтөлбөрийг санаачилсан гэдгийг тус байгууллагын тэргүүн Тапани Киатфайбул хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, олон агентлагтай хамтран хэрэгжүүлэх уг төлөвлөгөө нь гайхалтай баяр ёслолын ажиллагаа, гайхалтай давуу эрх, гайхалтай найр наадам, гайхалтай агшин, гайхалтай урилга гэсэн таван үндсэн ангилалтай гэв.

Тэрбээр мөн ирэх онд Бангкок, Чонбури, Сонгкла хотноо болох Зүүн өмнөд Азийн спортын наадам, Тайландын Хаант Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Тайландын Аялал жуулчлалын газрын 30 дахь төлөөлөгчийн газрыг Саудын Арабын Эр-Рияд хотноо нээх ёслолын ажиллагаа зэрэг аялал жуулчлал, спортын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна гэв. Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн яамнаас зорилтот зах зээлд нэмэлт визийн хөнгөлөлт үзүүлэх тухай мэдэгдэх бөгөөд жуулчид болон худалдааны түншдээ хөнгөлөлт үзүүлэх эрх олгохоор төлөвлөж байгааг мөн хэлжээ. Тэрбээр Тайландын аялал жуулчлалын нөөц бололцоог нэмэгдүүлэхийн тулд Формула 1 уралдаан, зугаа цэнгэлийн цогцолбор, гадаадын кино найруулагчдад зориулсан мөнгөн урамшуулал, хоёрдогч хотод хөрөнгө оруулалт хийх зэрэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах төлөвлөгөөнд засгийн газраас анхаарал хандуулж байгааг Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тиентонг мэдэгдсэн гэдгийг хэлэв.

Эх сурвалж: The Nation Thailand