images

УХААЛАГ ХОТЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ПАТТАЙЯ ХОТНОО ЧУУЛНА

МЭДЭЭ

2024-10-10

82

Дэлхийн ухаалаг хотын инженерүүд болон ухаалаг хот хөгжүүлэгчид энэ сарын сүүлчээр Паттайя хотноо ирж, тогтвортой амьдрахад чиглэсэн хотын хөгжилд хувьсал хийж, өөрчлөх талаар санал солилцох болно гэж Олон улсын цахилгаан, электроникийн инженерүүдийн хүрээлэн (International Institute of Electrical and Electronics Engineers - IEEE)-гээс мэдэгдэв. Тэдгээр мэргэжилтнүүд нь энэ 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулагдах Ухаалаг хотын олон улсын 10 дахь бага хуралд оролцохоор ирж байгаа нь Тайландын Хаант Улсын Бангкок дахь Самьян ухаалаг хот төсөл зэрэг бусад олон мужид ухаалаг хотыг хөгжүүлэх тус улсын зорилттой нийцэж байгаа аж. Тайландын “IEEE Power & Energy Society”-ийн дарга, Нийслэл хотын цахилгаан эрчим хүчний газрын тэргүүн Вилас Чалоесат хэлэхдээ, энэ жилийн бага хурлын сэдэв “Хүн төрөлхтний төлөөх хувьсгал” байна гэв.

Тэрбээр хэлэхдээ, ухаалаг хотод байгаль орчны менежментийг сайжруулж, эрчим хүчийг ухаалаг ашиглахаас гадна шинэ хот байгуулалтын нүүр царай болох ая тухтай амьдралыг дэмжих замын хөдөлгөөн, аюулгүй байдал, барилга байгууламжууд байх юм гэв.  Тус хурлаар хэлэлцэх бусад сэдвийн хувьд кибер аюулгүй байдал, дэд бүтэц, устөрөгчийг эрчим хүчний нэмэлт эх үүсвэр болгон ашиглах зэрэг асуудал багтаж байна. Гурван өдөр үргэлжлэх тус бага хурал, үзэсгэлэнд эрдэмтэд, бодлогын дүн шинжээчид, инженер, архитектор, судлаачид зэрэг 500 орчим хүн оролцох төлөвтэй байна гэж Ладкрабанг дахь King Mongkut технологийн дээд сургуулийн инженерийн багш Монтри Вибонрат хэлжээ. Тайландын Хаант Улсад томоохон дэвшил гаргасан төслийн нэг нь Банхат Тонг, Рама IV, Анри Дунант, Рама I гэсэн дөрвөн авто замын дунд байрлах Самьян ухаалаг хот юм.

Эх сурвалж: Bangkok Post