ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ДЭЛХИЙН ШИЛДЭГ УЛСЫН 28 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЭВ
Харилцаа холбооны “US News & World Report” компаниас эрхлэн гаргадаг “Дэлхийн шилдэг улс” жагсаалтад Швейцарын Холбооны Улс нийт 100 оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэв. Тус жагсаалтыг Америкийн Нэгдсэн Улсын “Pennsylvania” их сургуулийн “Wharton” сургуулиас дэлхийн 89 улсын 17,000 гаруй иргэнээс авсан судалгааны үр дүнд үндэслэн гаргасан байна. Судалгааг тухайн улсын өв, соёл, түүний нөлөө, бизнес эрхлэх таатай орчин, амьдралын чанар, нийгмийн зорилго зэрэг гол хүчин зүйлийг авч үзсэн байна. Тус жагсаалтын 2 дугаарт Япон Улс, улмаар Америкийн Нэгдсэн Улс, Канад Улс, Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Шинэ Зеланд Улс, Данийн Хаант Улс эрэмбэлэгдсэн бол Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улсаас Сингапур Улс 14 дүгээрт, Малайз Улс 38 дугаарт, Бүгд Найрамдах Индонез Улс 41 дүгээрт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 44 дүгээрт, Бүгд Найрамдах Филиппин Улс 45 дугаарт, Камбожийн Хаант Улс 68 дугаарт, харин Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс 73 дугаарт тус тус эрэмбэлэгджээ. Тайландын Хаант Улс нийт 100 онооноос 57.1 оноогоор жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд тус улсын хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн салбарын хүчин чадал нь тус улсыг хүчирхэг байлгаж, ядуурал, ажилгүйдлийн түвшин бага гарахад чухал нөлөө үзүүлснийг онцолсон байна.
Эх сурвалж: Nation Thailand