images

ТАЙЛАНДЫН ЦАХИМ САЛБАР МАШ САЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-11

45

Тайландын Хаант Улсын цахим салбар 2023 оноос хойш 3.88 хувиар өсч, нийт үнэлгээ нь 2.02 их наяд баат  болсон гэдгийг Цахим эдийн засгийг дэмжих агентлаг болон IMC хүрээлэнгээс энэ Мягмар гарагт гаргасан судалгаанд дурджээ. Энэхүү тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засгийн хүндрэлийг үл харгалзан тус улсын программ хангамжийн салбар 12.80 хувиар өсч, 215.19 тэрбум баат хүрчээ. Цахим эдийн засгийг дэмжих агентлагийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Касититорн Пупарадай хэлэхдээ, тус салбарын өндөр гүйцэтгэлийг онцолж, энэ нь хиймэл оюун ухаан, дата дүн шинжилгээ, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдал зэрэг дэвшилтэт технологид оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлжээ.

Үүний зэрэгцээ цахим үйлчилгээний салбар ч өндөр гүйцэтгэлийг үзүүлж, 9.28 хувиар өргөжиж, 307.63 тэрбум баат болсон байна. Энэхүү өсөлтөд цахим худалдаа, цахим логистик, санхүүгийн технологи зэрэг олон салбарын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь ихээхэн нөлөөлжээ. Эрүүл мэндийн технологи, боловсролын технологийн салбарын суурь үзүүлэлт бага байсан ч тус тус 85.71, 82.26 хувийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Түүнчлэн, компьютер техник хангамж болон ухаалаг төхөөрөмжийн салбар 1.76 хувийн өсөлттэй байсан хэдий ч үнэлгээ нь 1.46 их наяд бааттай тэнцэж байна. Ухаалаг төхөөрөмжийн импортын хэмжээ 52.68 хувиар нэмэгдэж, 176.46 тэрбум баат хүрсэн нь тус салбарын өсөлтөд таатай нөлөө үзүүлсэн байна.

Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй байгаа ч Тайландын Хаант Улсын цахим салбарын хэтийн төлөв өөдрөг хэвээр байна. Шинэ технологи, нэн ялангуяа хиймэл оюун ухааны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаагаас шалтгаалж, тус салбар 2026 он гэхэд 2.94 их наяд баатад хүрэх боломжтой гэж тооцоолж буй. Энэхүү өсөлт нь дэлхийн эдийн засгийн хүндрэлд Тайландын Хаант Улс тэсвэртэй байхыг онцлон харуулахаас гадна тус улс ирэх жилүүдэд цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэгч, хэрэглэгч улс болох боломжтойг илтгэж байна.

Эх сурвалж: The Nation Thailand