ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭТ ХЯМД ИМПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЯЗГААРЛАХ 5 АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАВ
Тайландын Хаант Улсын зах зээлд их хэмжээгээр орж ирж буй хэт хямд, чанаргүй бүтээгдэхүүний нийлүүлэлттэй тэмцэхийн тулд 63 үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс бүрдсэн 5 арга хэмжээг энэ Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар баталсныг Ерөнхий сайдын Улс төрийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Суксит Срихомкван мэдэгдэв.
Тэрбээр хэлэхдээ, эдгээр арга хэмжээг Худалдааны яамнаас санал болгосон бөгөөд 50 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хэрэглэгчид болон дотоодын үйлдвэрлэгчдэд нэн ялангуяа БНХАУ-д үйлдвэрлэсэн хэт хямд бүтээгдэхүүний үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцсэн байна. Эдгээр 5 арга хэмжээ нь 1) Импорт болон гаалийн зохицуулалтыг нэмэгдүүлэх, 2) Ирээдүйн худалдаанд нийцүүлж, дүрэм журмыг шинэчлэх, 3) Импортыг багасгахын тулд татварын арга хэмжээг нэмэгдүүлэх, 4) Тайландын жижиг, дунд үйлдвэрийг (ЖДҮ) дэмжих, 5) БНХАУ, Япон, БНСУ зэрэг худалдааны түнш улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх юм.
Суксит хэлэхдээ, холбогдох бүх байгууллагууд эдгээр арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн явцын талаар долоо хоног бүр тайлагнаж, хоёр долоо хоног тутам уг асуудлыг хэлэлцэж байх тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан. Мөн энэхүү хуваарьт нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаас хамааран өөрчлөлт оруулж болно гэжээ. Уг 5 арга хэмжээний талаар Тайландын Худалдааны танхимын дарга Санан Ангуболкул энэ Мягмар гарагт хэлэхдээ, Засгийн газраас авч буй эдгээр арга хэмжээ нь түүний нөлөөнд өртсөн бизнес эрхлэгчдэд сайны дохио болж байна гэжээ.
Эх сурвалж: The Nation Thailand