images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭКСПОРТ ЭНЭ 7 ДУГААР САРД СҮҮЛИЙН 28 САРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЭВ

МЭДЭЭ

2024-08-28

39

Тайландын Хаант Улсын энэ 7 дугаар сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 15.2 хувиар нэмэгдэж, 25.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны 3 дугаар сараас хойшхи хамгийн өндөр өсөлт гэдгийг тус улсын Худалдааны бодлого, стратегийн газрын захирал Пунпонг Ньянапакорн мэдэгджээ. Үүний зэрэгцээ, энэ 7 дугаар сард импортын хэмжээ 27 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар өсч, гадаад худалдааны алдагдал 1.37 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн тэрбээр хэлэхдээ, газрын тос, алт, стратегийн бараа бүтээгдэхүүний импортыг эс тооцвол энэ 7 дугаар сард Тайландын экспорт 9.3 хувийн өсөлттэй байжээ. Экспортын өсөлт нь дэлхийн хэмжээнд цахилгаан бараа бүтээгдэхүүний эрэлт сэргэж, цахим технологи өргөжин тэлж буй байдал болон хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбон тайлбарлаж буй. Харин экспортын өсөлтийг бууруулж байгаа хүчин зүйл нь тээврийн өндөр зардал, цахилгаан автомашин зэрэг шинэ бүтээгдэхүүний өрсөлдөөн гэв. Экспортын өсөлтийн задаргааг үзвэл үүнд 2.24 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн 3.7 хувиар; 2.1 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 14.6 хувиар, 20.2 тэрбум ам.долларын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 15.6 хувиар өссөн байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар Тайландын Хаант Улс 171 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувиар өсчээ.

Тай баатын ам.доллартай харьцах ханшаас хамаарч энэ 8 дугаар сард экспорт үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч энэ 8 дугаар сарын сүүлийн 20 хоногт тай баатын ханш чангарч байгаа нь Тайландын экспортод нөлөөлж болзошгүйг тэрбээр анхааруулсан байна. Түүнчлэн Украйн болон Ойрхи Дорнод дахь дайн эрсдэл дагуулсан хэвээр байгаа тул үүнийг Худалдааны яам болон хувийн хэвшлийнхэн анхааралтай ажиглах ёстойг онцолжээ.

Эх сурвалж: Thai PBS World