images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН КАЗИНОГ ХУУЛЬЧЛАХАД ОЙРТОЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-08-05

49

Тайландын Хаант Улс гадаадын олон тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын “халуухан” бүс болох төлөвлөгөөгөө урагшлуулж байна. Энэ хүрээнд казиног 30 жилийн хугацаатай ажиллуулах төслийг Засгийн газрын хуулийн агентлаг болох Төрийн зөвлөлөөс 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл олон нийтийн санал асуулгыг авахаар нийтэлсэн байна. Казиногийн зөвшөөрлийг дахин 10 жилээр сунгах боломжтой бөгөөд зочид буудал, хурлын төв, тоглоомын парк зэрэг томоохон цогцолбортой байх ажээ.

Тайландын Хаант Улс нь Арабын Нэгдсэн Эмират, Япон Улстай казиногийн салбарын төлөө өрсөлдөхөөр байгаа бөгөөд IBIS World”-ын судалгаагаар казиногийн салбар өнгөрсөн жил 263 тэрбум долларын орлого олсон гэж тооцоолжээ.

Жил хүрэхгүй хугацааны өмнө Засгийн эрхийг авсан Ерөнхий сайд Сетта Тависин гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг эрчимтэй явуулж, хяналтыг сайжруулахын тулд казиног хуульчлах төлөвлөгөөг дэмжсэн юм.

Аялал жуулчлал нь Тайланд Хаант Улс тэргүүлэх салбарын нэг бөгөөд нийт ажлын байрны 20 орчим хувийг эзэлж, 500 тэрбум ам.долларын эдийн засгийн 12 орчим хувийг бүрдүүлдэг юм. Энэ жил 7 дугаар сар хүртэл гадаадын жуулчдын тоо 2023 оны мөн үеэс 34 хувиар өсөж, 20 сая гаруй Тайландын Хаант Улсыг зорьжээ.

Эх сурвалж: Bangkok Post