ТАЙЛАНД “ТОМ ЯАМ ГҮҮН”, “КЕБАЯА”-Г СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Соёлын яам нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд “Том яам гүүн” (сам хорхойтой халуун ногоотой шөл) болон “кебая” үндэсний хувцсыг бүртгүүлэхээр төлөвлөж байна. Тайландын Хаант Улс урьд өмнө Кхон (уламжлалт масктай бүжиг), тай массаж, нора (уламжлалт бүжгийн нэг хэлбэр) болон сонгкраны баяр гэсэн дөрвөн зүйлийг ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлсэн юм. Кебая үндэсний хувцсыг Тайландын Хаант Улс, Малайз, Бруней Даруссалам, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсаас бүртгүүлэхээр хамтран гаргаж буй санал ажээ. Эдгээрийг 12 дугаар сарын 02-07-ны өдөр Парагвай Улсад зохион байгуулагдах Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар хэлэлцэх юм. Нэмж дурдахад тай уламжлалт хувцас, муай тай, Па хао ма буюу уламжлалт алаг даавуу зэргийг ЮНЕСКО-гоос цаашид авч үзэх талаар санал гаргасан байна. Тайландын Хаант Улсын Соёлын яам нь тайландын биет бус соёлын өв болох тай хоол, гар урлал, уламжлалт баяр наадам зэргийг ашиглан ажлын байр бий болгох, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх замаар зөөлөн хүчний бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Nation Thailand