images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХЯТАДЫН ШУДАРГА БУС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИДТЭЙ ТЭМЦЭХЭЭ МЭДЭГДЭВ

МЭДЭЭ

2024-06-21

102

Тайландын Аялал жуулчлал, спортын яам хэт хямд үнэтэй аялал жуулчлалын үйлчилгээгээр дамжуулан тус улсын аялал жуулчлалын салбарт өөрт давуу байдал бий болгож буй хятадын аялал жуулчлалын зарим үйлчилгээ үзүүлэгчидтэй хатуу тэмцэхээ мэдэгдэв. Энэхүү үйл явдлыг Тайландын аялал жуулчлалын агентын холбооноос энэ долоо хоногийн эхээр ил болгосон бөгөөд хятадын зарим аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчид 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй визгүй зорчих хөтөлбөрийг ашиглан тайландад “тэг доллар”-ын зардлаар зорчих аяныг бий болгож байгааг онцлов. Тайландын аялал жуулчлалын агентын холбооны ерөнхийлөгч Сисдивачр Чеевараттанапон-ны хэлснээр энэхүү “тэг доллар”-ын аялал жуулчлалд хамрагдсан хятадын жуулчид тайландад байх хугацаандаа хятадын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийн харьяа бизнест 70,000-100,000 тай баат буюу 3,000 орчим ам.доллар зарцуулдаг бөгөөд энэ нь тус улсын аялал жуулчлалын салбарын нэр хүндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв. Тайландын Аялал жуулчлал, спортын яамнаас хууль бус аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчидтэй тэмцэх хүрээнд тайландын Тусгай хэрэг мөрдөн шалгах газар, Аялал жуулчлалын Цагдаагийн газар, Шилжилт хөдөлгөөний газар болон Бизнес хөгжлийн газартай хамтран “Нэгдсэн удирдлагын төв” байгуулсан ба сүүлийн 6 сарын хугацаанд хууль зөрчсөн 30 орчим аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг олж, тогтоосон бол үүний 10 орчим нь “тэг доллар”-ын аялал жуулчлалыг зохион байгуулагчид байсан аж.

Эх сурвалж: Nation Thailand