images

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД: КАННАБИС БУЮУ ОЛСНЫ УРГАМЛЫГ "ХӨНГӨН ТӨРЛИЙН МАНСУУРУУЛАХ ЭМ"-ИЙН АНГИЛАЛД ОРУУЛНА

МЭДЭЭ

2024-05-15

191

Тайландын Хаант Улсын Нийтийн эрүүл мэндийн яамнаас амралт, чөлөөт цагийн зориулалтаар ашиглахыг нь хориглох зорилгоор каннабис буюу олсны ургамлыг 5 дугаар зэрэглэлийн мансууруулах эмийн жагсаалтад буцаан оруулахаар төлөвлөж байгаа хэдий ч "хөнгөн төрлийн эм"-ийн ангилалд оруулж, түүний үйлдвэрлэл, импорт, экспорт болон хэрэглээг нь тус яамнаас зохицуулахаар болж байна.

Нийтийн эрүүл мэндийн сайд Сомсак Тепсутин энэ Даваа гарагт хэлэхдээ, 5 дугаар зэрэглэлийн зарим эмийг тухайлбал, шидэт мөөг, опиумын ургамал зэргийг мөн хөнгөн төрлийн эмийн ангилалд оруулах аж. Тэрбээр мөн каннабисын бүтээгдэхүүн нь 0.2 хувиас дээш тетрагидроканнабинол (THC) агуулсан тохиолдолд мансууруулах бодисын ангилалд багтдаг байсан гэж хэлэв.

Каннабисыг Тайландын Хаант Улсад 2022 оны 6 дугаар сарын 9-нд хуульчилсан хэдий ч олон нийтийн газар татах, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд худалдаалахыг хориглосон байв. Түүнээс хойш каннабисыг ашиглахтай холбоотой  хоёрдмол утгатай нөхцөл, эзэмших хязгаарлалт зэрэг асуудал маргаан дагуулсаар ирсэн. Нийтийн эрүүл мэндийн сайд Сомсак хэлэхдээ каннабистай холбоотой бизнес эрхлэгчдийг уг ургамлыг хар тамхины жагсаалтад оруулсны дараа тус яамны шинэчилсэн журам боловсруулахад урьж оролцуулахаар төлөвлөж байгаа гэв. Тэрбээр энэхүү шинэ журам нь уян хатан байх бөгөөд уг ургамлыг эмчийн жороор, Тайландын уламжлалт эм болон анагаах ухааны судалгаанд ашиглахыг зөвшөөрөх болно гэж хэлэв. Мөн "Хөнгөн төрлийн эм нь 5 эсхүл 6 дугаар зэрэглэлийн мансуруулах бодис байж болно. Хөнгөн төрлийн эмийг хэрэглэхийг бүрэн хориглоогүй гэдгийг ойлгоно уу. Энэхүү журам нь засгийн газрын бодлогын дагуу хүүхэд зүй бусаар ашиглах, мөн зүй бусаар ашигласнаас үүдэлтэй гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа” гэсэн байна.

Эх сурвалж: The Nation Thailand