images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭ 6 ИХ НАЯД БААТ ХҮРНЭ

МЭДЭЭ

2024-06-05

146

Тайландын цахим худалдааны зах зээл нэмэгдсээр байгаа бөгөөд Цахим гүйлгээг хөгжүүлэх агентлагийн илтгэлд дурдсанаар Тайландын Хаант Улсын цахим худалдааны хэмжээг өнгөрсөн онд 5.96 их наяд баат хүрнэ гэж төсөөлж байв. Үүнээс хамгийн өндөр өсөлттэй байгаа цахим худалдааны салбар нь 31 хувиар өссөн даатгалын салбар юм. Үүний дараа урлаг, үзвэр, амралт, аялалын салбар 24 хувиар, жижиглэн болон бөөний худалдааны салбар 13 хувиар өссөн байна. Цахим худалдааны өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл нь хэрэглэгчдийн хандлага болон интернетийн хүртээмж юм.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд цахим худалдааны бизнесийн бүртгэлийн тоо нь хэмжээ болон үнийн дүнгээр өссөн гэдгийг Бизнес хөгжлийн газраас мэдээлэв. Өнгөрсөн жил буюу 2023 онд цахим худалдааны 1713 шинэ бүртгэл бүртгэгдсэн нь 17.41 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө нь 2.27 тэрбум баат буюу 18.12 хувиар өсжээ. Одоогийн байдлаар нийт 7393 цахим худалдааны бизнес үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт бүртгэлтэй хөрөнгө нь 43 тэрбум гаруй баат байна. Эдгээр бизнесийн дийлэнх нь эдийн засгийн гол бүс нутагт буюу 2626 нь Бангкок хотноо байдаг бол бусад нь Нонтабури, Самут Пракан, Патум Тани, Чианг Май-д байрлаж байна.

Эх сурвалж: Nation Thailand