ШИНЭЧЛЭГДСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВАВ
Тайландын Хаант Улсын шинэчлэгдсэн Засгийн газрын чиг үүрэг тодорхой болов. Тухайлбал, тус улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечайчай нь Батлан хамгаалах яам, Хөдөө, аж ахуйн яам, Цахим эдийн засаг, нийгмийн яаманд, харин Шадар сайдын хувиар Ерөнхий сайдын дэргэдэх Байнгын нарийн бичгийн дарга нарын газар, Олон нийттэй харилцах хэлтэс болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөвлөлийн албанд тус тус хяналт тавьж ажиллах болсныг Шадар сайдын Ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Кеника Оунжит онцлон тэмдэглэв.
Харин Сангийн сайд Пичай Чунхаважира нь Гадаад хэргийн яам, Буддын шашны үндэсний газарт, Тээврийн сайд Сурия Жунгрунгреангкит нь Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн яам, Аялал жуулчлал, спортын яам, Соёлын яам болон Нийтийн эрүүл мэндийн яаманд, Дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракул нь Хөдөлмөрийн яам болон Боловсролын яаманд, харин Байгалийн нөөц, байгаль орчны сайд Патчарават Вонгсуван нь Нийгмийн хөгжил, хүний аюулгүй байдлын яаманд тус тус хяналт тавьж ажиллах бол тус улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Пирапан Салиратавибхага нь Тусгай хэрэг мөрдөн шалгах албыг оролцуулахгүйгээр Хууль зүйн яам, Аж үйлдвэрийн яам болон Төрийн зөвлөлийн Ажлын албыг тус тус хариуцан ажиллахаар болсон байна. Тайландын Хаант Улсын шинэчлэгдсэн Засгийн газар нийт зургаан Шадар сайдтай байх бөгөөд Ерөнхий сайдын эзгүйд түүний засаг захиргааны ажил, үүргийг Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечайчай түр орлон гүйцэтгэх аж.
Эх сурвалж: Bangkok Post