ИЖИЛ ХҮЙСТНИЙ ГЭРЛЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ СЕНАТЫН ТАНХИМЫН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР 147 САНАЛ АВЧЭЭ
Тайландын Хаант Улсын Сенатын танхим “Ижил хүйстний гэрлэлтийн тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгуулж, гишүүдийн 147 нь дэмжиж, 4 гишүүн эсрэг, 7 гишүүн түдгэлзсэн санал өгчээ. Түүнчлэн хуралд оролцсон 158 сенатын гишүүд бүх жендэрийн хүмүүсийг хууль ёсны дагуу гэрлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг судлах 27 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулахаар санал нэгдэв. Тус хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаас долоо хоногийн өмнө тус хорооноос санал оруулах ажээ. Уг хуулийн төслийг Сенатын танхим гурван удаагийн хэлэлцүүлгээр баталсны дараа Эзэн хааны зөвшөөрлийг авч хүчин төгөлдөр болох юм.
Энэ Мягмар гарагт болсон хэлэлцүүлгийн үеэр сенатын гишүүн Сери Суванфанон хамгийн эхэнд үг хэлж, тэрбээр Үндсэн хуулийн хэд хэдэн хувилбарт тэгш байдлын асуудал тусгагдсан болохыг онцлон тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч, тэрбээр жендэрийн олон янз байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, хуулиар хамгаалаагүй байна гэв. Тэрбээр "Жендэрийн ялгаатай хүмүүсийг хүлээн зөвшөөрч, тэднийг нийгмийн нэг хэсэг болгох арга замыг олох цаг нь болсон" гэж хэлжээ. Хэд хэдэн намын зүгээс энэхүү хуулийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд бид энэ асуудлыг нийгмийн чиг хандлагаар бус логик талаас нь авч үзэх болно гэв. Санал хураалт явуулсны дараа сенатын гишүүн, дэслэгч генерал Санит Махатаварн хэлэхдээ хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн дарамт зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд хуулийн төслийн дагуу гэрлэх насыг 20 болгон нэмэгдүүлэхийг санал болгов. Тэрбээр мөн ижил хүйстэн олон хосууд энэхүү хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа тул 180 хоног хүлээхийн оронд хааны зөвшөөрөл гарангуут хуулийг хүчин төгөлдөр болгохыг бусад сенатын гишүүдээс хүсэлт болгожээ.
Энэ 3 дугаар сарын 27-ны өдөр болсон “Ижил хүйстний гэрлэлтийн тухай” хуулийн төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлгээр парламентын гишүүдийн 399 нь дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгч, хоёр гишүүн санал хураалтад оролцоогүй, гурав нь түдгэлзсэн байна. Ийнхүү олонхийн дэмжлэг авсан байдал нь уг хуулийн төслийг санаачилсан сөрөг хүчин болох Move Forward намыг удирдлагын зүгээс үүнийг Тайландын Хаант Улс болон дэлхий даяарх LGBTQI+ нийгэмлэгийн ялалт гэж үзсэн байна. Хэрвээ уг хууль батлагдвал Тайландын Хаант Улс нь ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Зүүн Өмнөд Азийн анхны улс, Тайвань, Балбын дараа орох Азийн гурав дахь улс болох юм.
Эх сурвалж: The Nation Thailand