БҮС НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭТГҮҮЛЭЭС БАНГКОК ХОТЫГ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХАМГИЙН ШИЛДЭГ ХОТООР ТОДРУУЛЖЭЭ
Бүс нутгийн аялал жуулчлал, амьдралын хэв маягийн тэргүүлэгч сэтгүүл болох DestinAsian нь Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг хотоор Бангкок хотыг нэрлэжээ. Цахим хэлбэрээр хэвлэгддэг сэтгүүл болох DestinAsian сэтгүүлийн сүүлийн дугаарт Бангкок хотыг 2024 оны Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг хотоор шалгарч, Уншигчдын сонголт шагналыг хүртсэн гэдгийг зарлав. Бангкок хотын дараа хоёрдугаар байранд Токио, гуравдугаарт Сингапур оржээ. Тайландын Хаант Улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке хэлэхдээ, Бали болон Мальдив шилдэг арлын ангилалд эхний хоёрт орсон бол Пукет, Ко Самуй гурав, дөрөвдүгээр байранд тус тус орсон гэжээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тус сэтгүүлийн уншигчид Суварнабуми олон улсын нисэх онгоцны буудлыг Сингапурын Чанги нисэх онгоцны буудлын дараа орох хоёр дахь шилдэг нисэх онгоцны буудлаар шалгаруулжээ. Гуравдугаар байранд Хонгконгийн нисэх онгоцны буудал орсон байна. Бүс нутгийн шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтын гуравдугаарт Тайландын Эйрвэйз Интернэшнл “Thai Airways International” орсон бол Singapore Airlines болон Emirates компаниуд тэргүүлсэн байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай хэлэхдээ, энэхүү санал нь Ерөнхий сайд Сетта Тависины хэд хэдэн улсын иргэдийг визний шаардлагаас чөлөөлөх зэрэг тусгай арга хэмжээ авах замаар тус улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын үр дүнд гадаадын иргэд Тайландын Хаант Улсад итгэл хүлээлгэж буйн нотолгоо юм гэжээ.
Эх сурвалж: The Nation Thailand