images

ТАЙЛАНДЫН ЭРДЭМТЭД ШҮРЭН ХАДЫГ СЭРГЭЭХ ЗОРИЛГООР ЛАБОРАТОРИЙН ОРЧИНД ШҮР УРГУУЛНА

МЭДЭЭ

2024-03-22

203

Тайландын далайн биологичид уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас үүдэн устаж үгүй болж буй шүрэн хадыг нөхөн сэргээх, лабораторийн орчинд шүр ургуулах зорилгоор жилд зөвхөн нэг л удаа болдог шүрний үржлийн үеэр тус улсын өмнөд хэсгийн далайн гүнээс дээж авав. Биологичид шүрний дээжийг 5 хүртэл жил лабораторийн орчинд ургуулах бөгөөд үүний дараа далайн гүнд байршуулах аж. Тус улсын шүрэн хад устаж үгүй болох буюу “цайх” нь дан ганц далай, тэнгисийн экосистемд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тус улсын эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлал, загас агнуурын салбарт ч сөрөг нөлөөтэйг далайн биологич Нантика Китсом онцлон тэмдэглэв.

Далайн усны температур нэмэгдсэнээс шалтгаалан 2010 онд тус улсын шүрэн хадны 90 орчим хувь нь цайсан бөгөөд тус улсын Далай, тэнгисийн нөөцийн газраас 2016 онд шүрэн хад сэргээх төслийг өмнөд хэсгийн Ман Найя арал орчимд хэрэгжүүлсэн байна. Тус арлын усанд 98 төрлийн шүр ургадаг бөгөөд төслийн үр дүнд 4000 орчим шүрэн хадны бүлгийг нөхөн сэргээж чадсан байна.

Эх сурвалж: Reuters