ТЕСЛА ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ҮЙЛДВЭРЭЭ БАРИХТАЙ ХОЛБОГДУУЛАН ТӨЛӨВЛӨЛТИЙН СОРИЛТТОЙ ТУЛГАРЧЭЭ
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн Тайландын Хаант Улсад цахилгаан автомашины үйлдвэр байгуулах төлөвлөгөө нь хот төлөвлөлтөөс болж хойшлогдож болзошгүй байна.
Ерөнхий сайд Сетта Тависин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Теслагийн удирдлагатай тус компанийн төв байранд яриа хэлэлцээ хийх багийг тэргүүлж оролцсон. Энэ оны эхний улиралд Тесла компани Тайландын Хаант Улсад үйлдвэрээ байгуулах эсэхээ зарлах төлөвтэй байна гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. "Nation Group"-ийн хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Тансеттакид эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д Ерөнхий сайд Сетта-тай хийсэн уулзалтынхаа дараа Тесла компаниас үйлдвэр барих боломжтой газраар зочилсон гэжээ. Гэсэн хэдий ч төр, хувийн хэвшлийн байгууллагын газар хүрэлцэхгүйн улмаас 2000 рай (320 га) талбайд үйлдвэр барихад хүндрэлтэй байх болно гэдгийг тус компани олж мэдсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, "Аж үйлдвэрлэлийн бүс байгуулахад 1000-2000 рай газар шаардлагатай учраас энэ асуудал тулгараад байна" гэжээ. БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч BYD компани өөрийн үйлдвэрийг байгуулахад ердөө 600 рай (96 га) газар ашигласан тул энэ асуудлаас зайлсхийж чадсан байна.
Тесла компани Бангкок хотын Лат Крабанг дүүрэгт газар эзэмшихээр төлөвлөж байгаа ч хот төлөвлөлттэй холбоотой асуудал үүсгэхгүйгээр гэрээ байгуулж чадах эсэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын ордноос мэдээлснээр Ерөнхий сайдаас Аж үйлдвэрийн сайд Пимпаттра Вичайкулд аж үйлдвэрийн хот төлөвлөлтийн асуудал хариуцдаг Дотоод хэргийн яамны нийтийн ажил, хот, хөдөөгийн төлөвлөлтийн хэлтэстэй уулзалт хийхийг үүрэг болгожээ. Өнгөрсөн оны сүүлчээс хойш аж үйлдвэрийн хот төлөвлөлттэй холбоотой төслийг дэмжихгүй байна гэдэг гомдол хөрөнгө оруулагчдын зүгээс гаргасны дараа энэхүү арга хэмжээг авчээ.
Эх сурвалж: The Nation Thailand