ЕРӨНХИЙ САЙД АСАН ТАКСИН ЧИНАВАТ-ЫГ БАТЛАН ДААЛТААР ГАРГАСНААР ТУС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ТЭРГҮҮНТЭЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙГ СӨРӨГ ХҮЧНЭЭС АНХААРУУЛАВ
Тайландын Хаант Улсын улс төрийн “Move Forward” намын дарга Чайтават Тулатон өнгөрсөн Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд асан Таксин Чинават-ыг батлан даалтаар гаргаснаар тус улс Засгийн газрын хоёр тэргүүнтэй болох өндөр эрсдэлтэй бөгөөд түүний Засгийн газарт нөлөөлөх гэсэн үг, үйлдэлд Ерөнхий сайд Сретта Тависин болон эрх барьж буй улс төрийн “Pheu Thai” нам болгоомжтой хандахыг анхааруулав. Түүний хэлснээр Ерөнхий сайд асан Таксин Чинават нь улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй ба хэдийгээр улс төрийн “Pheu Thai” намд гүйцэтгэх албан тушаал хашдаггүй ч тус нам дахь түүний нөлөөлөл их гэдгийг онцлон тэмдэглэв. Харин улс төрийн “Pheu Thai” намын гишүүн, тус улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечаяачай “Move Forward” намын дарга Чайтават Тулатон-ын энэхүү мэдэгдлийг үгүйсгэв. Тэрбээр Таксин Чинават нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчийн хувьд улсын эрх ашгийн төлөө өөрийн санал бодлоо илэрхийлэх эрхтэй ч Засгийн газарт зөвлөмж өгөх, эсхүл асуудал дэвшүүлэх зэрэг асуудалд оролцох шаардлагагүй гэдгийг онцлон тэмдэглэв. Эрх барьж буй улс төрийн “Pheu Thai” намын даргаар Ерөнхий сайд асан Таксин Чинават-ын бага охин Паетонтарн Чинават ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Таксин Чинават энэ 02 дугаар сарын 18-ны Бямба гарагт батлан даалтад гарах юм.
Эх сурвалж: Nation Thailand