НҮБ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА (UNESCO)-ААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН 3 ХОТЫГ “СУРАЛЦАГЧ ХОТЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ”-НД НЭМЭВ
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас насан туршийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд Тайландын Хаант Улсын Бангкок, Хон Кэн болон Яала хотыг “Суралцагч хотын дэлхийн сүлжээ 2024” жагсаалтад нэмснийг Тайландын Боловсролын сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Тайландын Үндэсний комиссын дарга Пермпүүн Чидчоб онцлон тэмдэглэв. Тус байгууллагаас нийслэл Бангкок хотыг боловсролын хүртээмжийг хангах замаар тогтвортой сургалтын орчныг бий болгохыг зорьж байгаа, харин Хон Кэн хотыг соёлын суралцахуйн чиглэлээр мэргэшсэн гэж үзэн энэхүү жагсаалтад нэмсэн бол Яала хотыг ухаалаг суралцахуйн хөгжлийг урт хугацааны зорилго болгож, олон нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын олон төрөлт стратегийг хөгжүүлэх хүчин чармайлтыг нь үнэлж энэхүү жагсаалтад нэмсэн ажээ. Тус улсын зарим хот, тухайлбал 2019 онд Чианг Рай, 2020 онд Чианг Май, Чачоенгсао, 2022 онд Сухотай, Паяао, Хат Яай зэрэг хот “Суралцагч хотын дэлхийн сүлжээ”-нд багтсан бөгөөд энэхүү жагсаалтад орсноор иргэд улсын хөгжлийн төлөвлөгөөнд гар бие оролцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжтой болдог байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын “Суралцагч хот” нь 35 улсын 64 хотоос бүрддэг бөгөөд “Суралцагч хотын дэлхийн сүлжээ”-нд 79 улсын 356 хот багтаж байна.
Эх сурвалж: Bangkok Post